Таталбар

♥ 2006-12-12 - ...

...

Бид айв, тэд цочив

Бут үсрэв, хааз нэмэгдэв

Арханд үлдсэн уул

Арга барагдахад дэндүү хол

 

Бид дөрвөн хөлтэй, тэд таван араатай

Буун дуу тас няс, салхи шуугина

Тарцгаая, ядаж нэг нь амьд үлдье

Тал руу биш уулаа л тэмцэнэ шүү гэх

 

Санаа уул даваад алга боловч

Салтаанд нь гэрэл туссан бие эндээ

Азгүй юм, би гэдэг боохой

Араас нэг машин нь дагачихаж

 

Бултаад ард гарлаа, бул чулууны ард хэвтэж үзлээ

Буудуулсан болж унаад зогсоход нь хурдалж үзлээ

Арын уул уг нь энүүхэнд байдаг

Аймшиг харин бүр ойрхон байдаг

 

Аахилж явахдаа аавыгаа бодсон гэвэл үнэмших үү

Архирч давхихдаа ээжийгээ “харсан” гэвэл итгэх үү

Үхэх байсан бол тэд үхээд шийдчих байсан юм

Үр би үхэж бол болохгүй шүү гэж гүрийнэ

 

Хашгирах хараах хүмүүсийн дуу холдоод явчихлаа

Харайлгах миний бие “ганцаардаад” явчихлаа

Улам хурд нэмэгдэв

Ухаа даваад алга болов

               

Чих дүнгэнэнэ, цус гоожно

Чигээ өөрчлөөд ууландаа ирэв

Дорой муу анчидтай таарч

Дробинкны гурван тугалга “аваад” үлдсэн нь тэр

 

Гэхдээ надад тугалга өгөөд

Гэмгүйхэн явсан нэгийг маань

АК-гаар шүршиж унагаад

Ачаад явсан юм билээ

 

Бүтэн ирсэн “Бор хацарт” бид хоёр

Бүтэн сар тэр уулнаас буугаагүй юм

Азарган чоно болоод тэр маань яваад өгсөн

Азгүй би нэг чих дүлийрээд үлдсэн

                

Үрээ үлдээсэн жилдээ, тэр минь

Үдийн хэрд үргээлгэнд ороод

Амьсгал хураасан бие нь бүтнээрээ

Алтайн цаагуур урагшаа хил давсан

 

Түүнийг хятад хуушуур болж байхад

Тонхилын ойролцоо би болзож явлаа

Үхсэний араас үхэхгүй гээд

Үр удмаа үлдээж явлаа

 

Даанч гай газар дороос

Говь-Алтайнхан модон дотроос гэгч болж

Үүрийг минь ухаад

Үрсийг минь суйлчихсан

 

Хань минь хариугаа авах гэж яваад

Хамаг биеэ шүүрэн шанага болтол буудуулж

Чоно нэртэй ч хүн шиг явсан намайг

Чогчигоноос өөр нөхөргүй үлдээсэн дээ

 

Халуун зуныг хэвтэж өнгөрөөлөө

Хамар доорх мөндлийг ч тоолгүй

Галуу буцтал турж хэвтсээр

Гансарч, гасалсан даа

 

Ерөөсөө ингэж хээрээр гэр хийж явахаар

Ердийн нохой шиг тэжээвэр явъя гээд

Сумын төвөөр орлоо доо

Судалж жаахан шогшлоо доо

 

Боргон хуцах ноход цатгалан боловч

Бодож байсан шиг минь харин эрх чөлөөгүй аж

Хүний эрхээр жаргахаар чонын эрхээр зовъё гээд

Хөвч рүүгээ хөнгөхөн алхлаа

 

Тэгсэн байдаггүй ээ

Тэгнээд нэг нөхөр мод бариад ирлээ

Холд гээд тэр ойлгох биш

Хохь чинь шүү гээд архирлаа

 

Буун дуу тас

Бурханы өмнө би зогсож байна

Галзуу бол байгаагүй юм шүү

Гансарсан гэвэл харин үнэн шүү

 

Богинохон энэ амьдралын минь

Буруу зөвийг шийдэж аль

Диваажинд аваачна уу, тамд илгээнэ үү өөрөө мэд

Дэлхийд харин буцаавал чоно л болгож хайрла

Сэтгэгдэл vлдээх ! :: Найздаа илгээх !

♥ 2008-11-29 -

Бичсэн: xvv
тасархай бичжээ...
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2007-07-11 -

Бичсэн:
wow!
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-12-29 - Хэхэхэ, баярлалаа!

Бичсэн: Зочин
Бас биччихдэг юм байна шүү, айн. Тэгээд бичээд л байсан уу, хэхэхэ.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-12-14 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: ogoo
bas l goyo bichsen bna shuu. hehe.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-12-13 - Ayaa ya

Бичсэн: Ganbaa
Chono arai nairaglal bichdeg bolchoogui bailtai, Chono shig setgedeg hun yumaa. Unshij bgaagui l yum bna. Tnx Inga...
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

Тухай

таталбар

Links

Нvvр
Хувийн мэдээлэл
Хуучин бичлэгvvд
Найзууд
Миний тэмдэглэлийн RSS

Найзууд

9-р хуудас. Нийт 55 хуудас байна.
Ємнєх хуудас | Дараагийн хуудас



:-)
 
xaax